2015-09-09

Чамаас сайхантай нь би учирч явсан

Чамаас сайхантай нь би учирч явсаан
Санахын зовлонд хүлэгдэн тарчилж
Салаа замын уулзвар дээр гэгэлзэн санааширч
Дурлалын шархаар зүрхээ гоёж
Дуугүйхэн дотроо мэгшиж үзсээн
Нэг нэгээр дуслах бороон дуслуудад гунигаа угааж
Нимгэн цагаан даашинзны хормойд сэтгэл зүүгдэж
Уруул дээрх инээмсэглэл чамруу урсаж
Уучлал эрэх намуухан хоолойг зүүдэндээ сонсож хоносоон
Чамаас сайхантай би учирч явсаан..
2011 - 5 - 30

2015-09-01

Есөн сарын нэгээн гэж..

Есөн сарын нэгэн боллоо
Ерөөсөө бидний баяр даа..  гээд хүн бүхэн нүүр номон дээрээ хүүхдүүдийнхээ зургийг оруулчихаж. Үеийн нөхдийн хүүхдүүд сургууль цэцэрлэгт ороод том болцгоож ээ..

За тэр ч яахав, би чинь нэгдүгээр ангид хоёрдугаар улирлаас орж байсан болхоор надад дурсаад байх анхны есөн сарын нэгэн байхгүй ээ. Хичээлдээ нэг хоног явчихаад, маргаашнаас нь явахгүй гэж уйлсан (цэцэрлэгт явахгүй гээд уйлсан чинь явуулаагүй болхоор тэр аргаа дахиж хэрэгжүүлсэн) боловч газар аваагүй тул тэр чигээрээ 10н жил сурсан шд. Эхний өдөр нэг ногоон эрээн цамцтай явсанаа бүдэг бадаг санадаг юм. Хоёрдугаар эгнээний хамгийн эхний суудалд томоо бүлтгэр нүдтэй охинтой нэг ширээнд сууж билээ. Хүмүүс анх нэгдүгээр ангид есөн сарын нэгэнд ингээд тэгээд гээд ярихаар гүй ээ мөн атаархдаг байж билээ. Одоо ч атаархсаар байгаад дөжирсөөн хөөрхий :р

Энд ч 3н сарын 1нээс хичээл эхэлдэг, ямар баяр ёслол хийх биш.. Өнөөдөр нүүр номноос л хэний хүүхэд өсч гээд баахан зураг харж өөрийнхөө хөгширч байгааг мэдрэхэв шив.

Бага ангид байхад цээж бичиг бичиг дээрээ онц авбал ээжээр, муу авбал ааваар гарын үсэг зуруулдаг байлаа ккк.. Аавыг загнахгүй гэдгийг нь нэг юм мэдээд байсан юм байлгүй. Заримдаа гарын үсэг зуруулахаа мартчихвал ээжийн гарын үсгийг дуурайлгаж зурнаа бас кк, тэгээд баригдсан үгүйгээ санахгүй л байна ээ дээ энэ ой санамжийг дээ.. Бодвол баригдсан л байлгүй хөөрхий ккк..

2015-08-25

Хажигмаа

Би ер нь их хажиг хүн л дээ. Нэмээд энд ирээд одоо тав дахь жилдээ ганцаараа шахуу амьдарч байгаа хүн одоо ямар болсон байх нь тодорхой биз. Эхний нэг жил дотуур байранд байсан болхоор л шахуу гээд байна л даа хэхэ. Ер нь хажиг, зожиг, ааш муутайгаа мэддэг хэрнээ ойрд ах эхнэртэйгээ ирэх бүрд бүр илүү их мэдрээд байна л даа.

Нэг муу жижиг умгар өрөөнд гурвуулаа долоо хонолоо. За тэгээд сүүлдээ нерв хөдлөөд, уур хүрээд, ядраад арай л гэж явууллаа. Жижигхэн өрөө болхоор орой ирээд орон дээрээ ч тааваараа хэвтэж чадахгүй, газраар унтахаар энд тэнд юм тулаад тэрэндээ нерв хөдлөөд баахан л юм боллоо. Сүүлдээ ч яршиг хойд туйлд очиж амьдардаг ч юмуу, хүн тоож ирэхгүй амар гэж бодохов дээ. Манай хоёр уг нь энд өөрсдийнхөө ажлаар ирж байгаа юм л даа. Гэхдээ хааяа хааяа миний урилгаар манайд уригдсан юм шиг аашилж уур хүргээд байлаа. Би ч өдөржин сургууль дээрээ байж ядарч орой 10 гэж хариад сайхан тэрийж хэвтээд амармаар байдаг, хэвтэх ч зай байхгүй хэцүүхэн л байлаа. Сүүлдээ ч би айлд байгаа юм шиг л юм боллоо.

Тэгээд өнөөдрийн энэ өндөрлөгөөс харахад ер нь уригдаж залагдаагүй бол мөр мөрөөрөө амьдарцгаасан нь л дээр гэж бодлоо доо ккк..

2015-08-12

- Намайг чи шаналдаггүй гэж бодоо юу -

Намайг чи шаналдаггүй гэж бодоо юу
Намар болоход гунигладаггүй гэж санаа юу
Санаа алдан санааширдаггүй гэж сонсоо юу
Салхинд үгс дайж гансардаггүй гэж дуулаа юу
Тиймээ би мөсөн зүрхтэн
Тэгэхдээ чамд дурлаад хайлчихсан зүрхтэн
Дундуур дарсанд мансуурсан ч дурлал гуйдаггүй бардамхан
Дусал нулимсаар гомдол урлаад хайр гуйсан тэнэгхэн

Намайг чи харуусдаггүй гэж бодоо юу
Надад өгсөн итгэл таслаад шаналдаггүй гэж санаа юу
Хаврын шувуудад үнсэлтээ дайж хүлээдэггүй гэж сонсоо юу
Харанхуйд гуниг услаад дурсдаггүй гэж дуулаа юу
Тиймээ би чулуун зүрхтэн
Тэгэхдээ чамд дурлаад бутарчихсан зүрхтэн
Уруул дээр чинь үнэрээ үлдээгээд чамаас нисчихсэн бардамхан
Урсгал харцанд чинь хөл алдаад зүрхээ живүүлчихсэн тэнэгхэн

БМР 2012-06-05


Дээр үеийн блогоо ухаж эртний эдлэл олборлов.. За энэ үед ч бас л бичдэг байжээ бичдэг байж ккк

2015-08-06

Зуны амралт

Зун цагаа гэж... Өнөө өглөө сэрсэн чинь утсанд хэт халуунаас болгоомжил гэсэн мэссэж ирсэн байна. Лаб-даа ирээд цаг агаар харсан чинь өдөртөө 35н градус гэнэ, муужирлаа.. Юун азтай гадуур дотуур гүйдэг ажилгүй юм бурхан минь гэж. Халуунд амь тэмцдэг болхоор нөгөө жижиг ганц өрөө чинь орой очиход саун шиг л байна. Ганц цонхтой болхоор салхи орохгүй, хаалгаа онгойлгохоор шумуул шаваад шөнөжин шумуул дуулж бүжиглээд би алгаа ташаад хонох юм болно. Ойрдоо унтаж байхдаа эйркон асааж унтраасаар байгаад өчигдөрөөс эхлээд хоолой хөндүүрлэсэн болно. Ямар ч байсан идээлээгүй байна гайгүй байлгүй гээд хүйтэн ус залгиад лаб-даа эйрконоо 25 градус дээр тавьчихаад сууж байна даа.

Энд ирээд таван жил болоход 2 жил нь зуны амралтаар гэрлүүгээ яваад үлдсэн 2 жилд нь дандаа дотооддоо далай уул гэх мэт явж байлаа. Нэг жилд нь яаснаа ч санахгүй байна. Гэтэл энэ жил МЗ маань юу болсын гэнэт хоёулаа Япон явж үзье гээд ид халуунаар 7н сарын 27-30нд яваад ирсэн шүү дээ. Ээ бурхан минь яасан ч хурц нартай газар юм. Далайн эрэг дээр цаг шахуу тоглоол гараад ирсэн чинь хөл гар түлэгдчихсэн. Нөгөө борлож өгдөггүй, ээжийн хэлдэгээр өлөн цагаан бөөс шиг хүний чинь хөл шортны ором гаргаад борлочихсон. Хар халуунд халуун рашаанд орж яваа бид хоёр шиг хүн цөөн байна лээ. Өвөл байсан бол гоё байхгүй юу гээд нэг цаг орон гаран суув. Гэхдээ сайхан ядаргаа тайлагдаад янзтай л болж байна лээ.
Жижиг сажиг газрууд нь англиар ярихгүй сайхан боди лангуэждаад л яваад байлаа. Харваас нүүрэн дээрээ ойлгохгүй байна гээд биччихсэн царайтай хоёр хүн байхад л хөөрхий японоор уйгагүй юм тайлбарлаад л хэлж өгөөд байдаг хүмүүс байна лээ. Бас над шиг богино шорттой явж байгаа хүн алга, гартаа урт ханцуйвчтай, урт юбкатай л яваад байх юм байна лээ. Эрчүүд нь цагаан срочик, хар өмдтэй би бүр сүүлдээ ажлаас нь тарааж өгдөг юм боловуу л гэж бодлоо. Инчоны онгоцны буудал дээр буусан чинь учиргүй мэддэг хэлээд бичсэн самбар, мэддэг хэлээр ярьсан хүмүүс гүй ээ мөн дотно санагдаж билээ. Тэгсэн МЗ хажуунаас энэ чинь бас гадаад хөөе гээд шоолоод байсан хэхэ.

2015-07-09

Жижиг сажиг юмс

Хүмүүсийн блогоор дамжиж хэсэг блог уншиж суув. Ямар ч гоё бичдэг юм, яг хажууд суугаад ярьж өгч байгаа юм шиг.

Манай энд бас гайгүй 30аад градустай, борооны улирал энэ жил их оройтож байна гээд байгаа. Бороо орохгүй өнөө муу тариаланчид л хэцүүдэж байх шиг байна лээ.

Гэрээсээ хэт удаан хол байх чинь онцгүй юм байна. Сүүлдээ гэрлүү ярихаар ярих ч юм олдохоо байсан байна лээ, хамт байвал дагаж яваад шаль шаль гээд байдаг байсан чинь одоо бол за дараа ярья л гэдэг болсон.

Нээрээ бүтэнсайнд бассэйн ороод, яг ороод шүүгээгээ нээсэн чинь алчуураа авчраагүйгээ санадаг гэнэ дээ. Юу ч гэсэн ороод цаг шахуу эцтэлээ сэлж сэлж гарч ирээд бие үсээ сэнсэнд хатаасан гээд боддоо кк.. Үлдсэн усан дуслуудыг нь нойлын цаасаар арчиж нэг юм хатмар аядсан. Тэрний үр дүнд нэгдэхийн оройноос эхлээд хамар сэрвэгнээд өнөөдөр сайхан баргил хоолойтой болчихоод сууж байна. Өчигдөр уржигдар лагшин жоохон бүрхэг байсан хэрнээ эм авахаар эмийн сан орох гэхээр гайгүй болоод байхаар нь эм аваагүй. Орой тараад эмийн сан явсан чинь хаачихсан байна лээ. Аргаа бараад 24-ийн дэлгүүрээс эм авч уухав дээ. Тэр нэмэр болсон уу яасан өнөөдөр бол дажгүй л цоглог байна.

Жижиг хөлтэйн зовлон их юмаа. Пүүзийг бол хүчээр ч болтугай тааруулаад авчих юм. Гэтэл саяхан сандаал үзсэн чинь таардаг юм байхгүй, нэг бол захиалж тааруулж хийлгэнэ гээд бүр залхуу хүрээд бууж өгсөн. Тэгж байгаад тааруулж хийлгүүлдэг л байхдаа. Дээр нэг хөөрхөн пүүз байхаар нь өмсөөд үзсэн яг таарч байна шүү авдаг дээрээ тулсан чинь наадах чинь гадаа байсаар байгаад 2 хөл нь өөр өөр өнгөтэй болчихсон, үлдсэн нь 265 размер байгаа авах юмуу гэнээ. Би өмсч үзэж байхад эрэгтэй размер авахуу гээд байдаг гүй ээ мөн сийрэг толгойтой хүн ээ...

2015-06-15

Зад мөрөөднө өө

Ойрын хэдэн саруудад ер нь сэтгэл гутралд хэт их автаад онцгүй байлаа. Байлаа ч гэж одоо ч нэг их сайжраагүй л байна. Угийн дотогшоо хүн, дээр нь өдөржин ганцаараа ярилцах ч хүн байхгүй, гэрлүү яриад тэртэй тэргүй асуудалтай байгаа хүмүүст би энд ганцаардаж үхэх гэж байна гэлтэй биш.. Саяхан нэг Mind Scan гээд апликэшн татаж аваад шалгаж үзсэн чинь сэтгэлзүйчид ханд гэж байна. Ер нь нилээн болохоо больж байгаа шинжтэй. Энэ янзаараа удаан явбал удахгүй галзуугийн эмнэлэгрүү ачигдах байх шүү хэхэ. Тэгээд ер нь одооноос сайхан мөрөөднөө гэж бодлоо. Уг нь нэг мөрөөдлийн дэвтэр авчихсан байгаа, хамт мөрөөдөгч этгээдтэй тэгж тухтай мөрөөдөх зав ерөөсөө олдохгүй юм ганцаараа л мөрөөдөхөөс.

Эхний мөрөөдөл бол удахгүй (хэзээ нь тодорхойгүй л дээ) амьдрах гэр байгаа юм. Хоёр сонголт байгаагийн нэг нь зүгээр байр, нөгөөх нь хаус (хашаа байшин).

1. Байрны хувьд бол 10-15 давхарын хооронд байвал зүгээр санагдаад байгаа. Учир нь 10-аас доод давхарынх гаднах шуугиан их, 15-аас дээд давхар болохоор өндөр байшингууд бага зэрэг байнга ганхдаг тул эрүүл мэндэд муу гэж нэг нэвтрүүлгээр гарч байсан санагдаад байна. Зочны өрөө нь шалнаас тааз хүртэл том цонхтой, цэлгэр хэдхэн цэвэрхэн тавилгатай. Ханандаа гэр бүлийн зураг өлгөнө. Саяхан фб-д билүү дээ хананд зураг өлгөх хэдэн санаанууд яваад байсан тэндээс таалагдсан санаагаа сонгоод нэмээд өөрийнхөө саналаа нэмчихнэ. Нэг өрөө нь ном унших өрөө, ханаараа дүүрэн номын тавиуртай. Одоохондоо тавиур дүүргэх ном байхгүй ч гэсэн бага багаар нэмж байтал болох байлгүй. Нөгөө өрөөнд нь нэг төгөлдөр хуур, хийл тоглож сурахаараа орж орилуулж байх зориулалттай. Яваандаа тэр өрөөнд өөр юм нэмж магадгүй. Үлдсэн нэг нь унтлагын өрөө.

2. Хашаа байшингийн хувьд нэг юмуу хоёр давхар хөөрхөн байшинтай. Хоёр давхар байвал дээд давхартаа номын өрөө, төгөлдөр хуураа байрлуулах өрөө гээд хоёр өрөөтэй. Доод давхартаа бусад өрөөнүүд байрлана. Гадаа талбайгаа сайхан зүлэгжүүлээд, МЗ-ийн дуртай жимсний моднууд, миний дуртай сакура цэцгийн мод тарьчихна. Гадаалаад суух зориулалттай саравчтай байна даа. Гэрээс 10-15 минутын зайнд нэг нууртай. Хэт ойрхон байвал гэрээр дүүрэн шумуул болох байх гээд бага зэрэг зайтай байхад гэмгүй гэж бодсон. Яваандаа нэмэгдэх зүйлс гарч ирэх байх.  

2015-05-28

Битгий үзэн ядаарай

Хайрын үгс холдон харанхуйд гиюүрэх өдрүүдэд
Хөгжилтэй инээд цангинуулсан хонгорхон хархүүд алдарсан сэтгэлийг минь
Бүлээн уруул хацар шүргэх мөчид ч хөнгөхөн догдлох
Бүсгүй хонгор аалийг минь битгий үзэн ядаарай

Зулзаган модод нахиагаа нээх хаврын гэгэлгэн өдрүүдэд
Зураг шиг гэгээхэн хайрыг амласан сэтгэлд урвасан зүрхийг минь
Ялдамхан зан ядам хуруунд зүүлгэсэн бөгжинд хүлэгдэх
Яруухан, яаруухан мөрөөдлийг минь битгий үзэн ядаарай...


БМР 2010-10-16

Дахиж би дурлахгүй

Дахиж би дурлахгүй
Давстай, чихэртэй хайрын үгсэнд чинь мансуурахгүй
Дуулаад л, уйлаад л чамайг шөнөжин дурсахгүй
Халбага халбагаар өгөх харууслын дарсанд чинь шунахгүй
Халуухан тэврэлтэнд чинь хайлаад хагацлын далайд живэхгүй

Дахиж би дурлахгүй
Зуун зуун дурсамжаа зуугаад яваач гэж шувуудын хойноос хашгирахгүй
Зулзган модод нахиалахад зүүдэндээ догдлон сэрэхгүй
Гомдолын үгсээ зурвасаар дайгаад голыг чинь зурж дахиж өвтгөхгүй
Гоёж гоодон дэргэд чинь дэрвэж харыг чинь төрүүлж харцыг чинь татахгүй

Дахиж би дурлахгүй..


2011-1-24
БМР

2014-12-18

Дутагдал

Би өөрийгөө хэл ярианы дутагдалтай гэж оношлоод байгаа. Муугаар биш л дээ, зүгээр л өөрийгөө яриагаар илэрхийлэхдээ муу гэсэн үг. Бичгээр бол нэг хагас дутуу ойлгуулаад байдаг юм шиг байгаа юм.
Ойр хавьд ярьж хөөрөх найз нөхөд цөөхөн болохоор ихэвчлэн мэссэнжэрээр бичнэ. Тэгэх тусам өнөөх бичгийн хэл яриа нь л ганцаара хөгжөөд байгаа бололтой. Яг ярих гэхээр л ярих юм олдохоо байчихна биздээ. Хүмүүс шиг энгийн зүйлээс яриа өдөж сурах юмсан гэж худлаа их бодно оо.. Тэгээд ямар хэрэгжүүлж үзэх биш тэгсгээд мартагдана.
Бичихдээ ч нэг их сайн биш л дээ. Энд тэндээс хамж шимээд бичихээр унших хүний ухааныг л шалгах эд болдог юм шиг байгаа юм. Ном их уншвал ядаж арай дээрдэх байгаа. Даанч шалтаг тоочоод уншихгүй юм л даа.

Ойрд хүмүүсээр их дутагдаж байгаа.. Найз нөхөд байдаггүй гэдгээ одоо л ухаарч байна. Хүмүүстэй уулзаж учраад, найзлаж нөхөрлөөд явах минь яав гээд сууж байгаа. Их ганцаардсаны шинж юмуу даа..