2014-07-30

Соёлын шок

Сая эх орондоо очиж 24 хоноод ирлээ. Сэтгэгдлээсээ хуваалцнаа.. Надад санагдсанаа яг тэр хэвээр нь бичих тул сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай.

Ер нь бол нэг их удаагүй л дээ сүүлд явснаас хойш хоёр жилийн дараа очиж байгаа нь энэ. Гэхдээ л баахан соёлын шоконд орлоо.

Их дэлгүүр нь яг л зах шиг. Ямарваа нэг газрыг нойлоор нь шинждэг болхоор ч тэр үү нойл нь яасан ч муухай юм. Сувинерийн тасагт байгаа арьсан эдлэлүүд нь яасан ч оёдол, загвар муутай юм. Хятад подволкон дээр монгол бичгээр бичсэн (тэрийгээ ч хятадад хийлгэсэн байлгүй), соёмбо зурсан байх юм. Ер нь л их зах шиг санагдсан. Нэг давхарт нь байдаг гоо сайхан гоёл чимэглэлийнх нь худалдагч нар нь энд тэнд хоёр гурваараа нийлээд хов базаад сууж байх жишээний..

Хөдөө рашаанд явлаа. Сайхан байлаа, сайхан байлаа. Агаар ус гэж янзтай л байлаа.

Аа харин асуудал хотод л байлаа л даа. Их олон барилга байшин баригджээ. Даанч бүгд шамбааралдаад, байшин хооронд жоохон л талбай гарвал барьчихдаг юмуу хайшаа юм. Манай байрны хажууд байшин барьж байна лээ. Удахгүй нар ч үзэхээ байх нь дээ.. Баригдаж байгаа байшингийн ойрхон явахдаа "солонгост сурдаг оюутан эх нутагтаа амралтаараа ирээд төмрөнд цохиулаад цаашаа харжээ" гээд мэдээгээр гарахвий гэж хурдан хурдан алхаж явлаа.

Наашаа ирэхээр онгоцны буудал орох замдаа яармагийн Вива ситиг харлаа. Ямар жижигхэн цонхтой юм бэ, над шиг том цэлгэр цонхонд дуртай хүнд бол хэцүү л юм. Гэхдээ уг нь нэгмөсөн барьж байгаа бол ганц ганц сонин шамбааралдсан байшин бариад байлгүй гоё газар тиймэрхүү гоё хотхон бариад тохижуулчихаж байгаасай л гэж бодлоо.

Тоос шороо гэж найгаа алджээ.. Энэ талаар хэлэх ч үг алга.

Хэдэн жилийн өмнө автобусанд суугаад явж байхдаа хажуугаар өнгөрөх машины жолооч нарын хамгаалалтын бүс зүүсэн нь хэдхээн байсан бол энэ жил их нэмэгджээ.

Үнэндээ эдийн засаг, амьдрал үнэхээр хэцүү байна лээ. Энийг нь тэр дээгүүр суугаа нөхөд мэддэг ч юмуу гүй ч юмуу. Махны үнэ юу вэ...

Хятадуудын барьсан байшинд, хятадуудын хийсэн тавилгыг тавиад, хятадуудын тарьсан ногоог идээд хятадуудыг муулаад л суух юм даа.

Дандаа юмны муу муухайг хардаг гэж бодов доо, үнэндээ ийм л санагдлаа.