2017-01-05

Малгай дугаар хоёр

Нэгдэхээс эхлээд хоёрдох малгайгаа эхлүүлсэн чинь өчигдөр шөнө дууссан. Шөнө нойр хүрэхгүй бага багаар нэхээд байсан чинь гялс дуусчихдаг юм байна. Хоёр малгайндаа зориулж 2, 2 бөндгөр утас авсан чинь арай л гэж хүрлээ. Сүүлийн малгайг бол сатуркатай зүүгээр бөөрөнхийлөөд дан зөвөөр нэхээд дээш нь утсаа бараг дуустал нэхэж байгаад сүүлд нь утас гүйлгээд дөв дөрвөлжин болгосон. Санаанаасаа зохиосон малгай болохоор нетээс орой хэсгийг нь хайгаад ч олсонгүй, гайхахдаа зүгээр холбоод утас гүйлгэчихсэн чинь их сонин болсон хэхэ.
Орой нь жоохон онцгүй болсон байгаа биз
Орой хариад оройг нь арай өөрөөр янзалж үзэхүү яах уу гээд сууж байна. Утасны өнгө орой өрөөний гэрэлд болохоор жоохон гоё харагдаад байна, уг нь бол ийм гоё гэгээлэг өнгө биш бага зэрэг бүрзгэр ногоон цэнхэр өнгө байгаа юм.

2017-01-03

Малгай ба шинэ он

Шинэ он гарчихсан уу гээд явах нь холгүй л байна. Энд ирсэнээс хойш шинэ жилийн уур амьсгал алга болсон. Нүүрном орсон хүмүүс гэр бүлээрээ оноо угтсан зурагнууд, хүмүүс яаж амьдраад би яаж амьдраад байгаа юм бээ гээд хямрангаа алдав. Он гарах үед шагнал гардуулах ёслол үзэнгээ анхны малгайгаа нэхэж дуусгав. Хоёр гурав хөвсөн гэсэн чинь ээж "юу ярьж байгаан 20 хөвнө шд" гэсэн хэхэ..
Анхных болохоороо туршлагагүйтээд эхэндээ тойргийг нь томдуулаад, хасалтаа хэт эрт эхлүүлээд гэх мэт техникийн саатал их гарсан. Сүүлдээ тойргоо багасгаад жоохон чанга нэхээд даанч төгсгөл дээрээ бас техникийн саатал гараад орой дээрээ шомбогор болчихсон. Малгайны эзэн нь тэр шомбогортойгоо таалагдаж байна гээд баярлаад байхаар нь тэр чигээр нь дуусгачихсан. 

Одоо өөрийнхийгөө дөв дөрвөлжин нэхнэ гээд эхлүүлж байгаа.