2018-03-23

Ой санамж аа гэж

Ойрдоо миний ой санамжинд асуудал ихээхэн байх шиг санагдаад байдаг болсон. Миний санаж байгаагаар бол би багадаа эгчтэй нэг удаа зусланд явж амарсан юм л даа. Бага ангид байхдаа л байх, тэгэхэд бүгдээрээ модтой устай газар нэг өдөр очиж тоглосон юм. Том ах эгч нар усруу үсэрч ороод л, би усны хажууд тэд нарыг хараад мод мөрлөөд зогсож байсан чинь нэг ах халтираад унахдаа намайг татаж унагаад би живээд, нэг их удахгүй нэг эгч намайг гаргаж байсан юм. Миний санаж байгаагаар л даа. Ер нь би багын явдалаа нэг их санаад байдаггүй, санавал кино үзэж байгаа аятай өөрийгөө хөндлөнгөөс харж байгаа юм шиг санадаг юм. Тэр үед усан доороос тойрч зогссон ах эгч нарын байдал, намайг аварсан эгчийн усруу орж байгаа, усан доор өвс мод шавар гээд л яг удаашруулсан кино шиг санагдаад байдаг юм. Даанч тэрнээс хойшхи юм санаанд огт байдаггүй. Би ч тэгээд өөрийгөө живж байсан гээд л бодоод явж байсан, саяхан эгчтэй юм ярьж байгаад асуусан чинь ёстой тийм юм болж байгаагүй гэдэг юм даа. Шууд өөрийнхөө ой ухааныг асуудалтай юм байна гэсэн онош тавьчихаад сууж байна даа.