2016-03-30

Аялсан нь

За өнгөрсөн хагассайн өдөр МЗ бид хоёр зугаалахаар болсон юм. Хамаг буудал, автобусны билетээ захиалсан хойноо бүр орой цаг агаар харсан чинь яг хагас бүтэнсайнд сэрүүсээд бороо ороод нэг дэхээс дулаарна гэдэг байна шүү. Өө дараа долоо хоногт болохоос гээд буудлаа цуцлах гэсэн чинь буудаллах өдрийн урд орой таван цагаас хойш бол нэг хоногийн төлбөр шимтгэлд авна гэдэг байна даа. Заа өнгөрсөн гээд яваад ирсэн. Солонгосын газар нутаг дээр байсан Шилла, Бэгжэ, Кугүрё гэдэг гурван улсын нэг болох МЭӨ 57 оноос МЭ 935 он хүртэл бараг 1000н жил оршин тогтносон Шилла улсын нийслэл байсан одоогийн Кёнжү хотруу явсан. Зөндөө олон бунхан байсан хаадынх нь юмуу гэхээр бүр хэт олон санагдаад ямар сайндаа би хаадынх нь хатдынх нь үр хүүхдийнх нь гээд том жижиг янз бүр байгаа байх гэж бодож байхав.

Энэ олон чинь бүгд бунхан гэсэн
Нэгийг нь тал хэсгийг нь ухаад дотроос нь гарч ирсэн эд зүйлсийг харуулсан музей байсан, дотор нь зураг дараагүй ээ



Уг нь урд зүг дулаахан болхоор цэцэг дэлгэрсэн байх гэсэн чинь замбага л дэлгэрсэн байна лээ бараг
Энэ зүйл дээр гарч оддыг дуранддаг байсан гэсэн. Газраас харсантай адилхан л санагдсан надад лав ккк
Шилла бурхны шашинтай байсан гэсэн.


Тэдди баавгайн музей үзсэн. Шиллагийн тухай ийм юм хийсэн байна лээ.

Хэдэн тонн хонх хийсэн чинь дуу нь таалагдахгүй гээд нялх хүүхэд хайлсан төмөр дотор хийгээд тэр төмрөөр цутгасан хонхыг цохих болгонд хүүхдийн ээжийгээ дуудаж байгаа дуу сонсогддог гэсэн домог байдаг юм байна лээ. Надад бол аймшигтай санагдсан.

Хийд
Бурхан багш

Дээрх хийдээс цааш 2.2км яваад уулан дээр бурхан багшийг агуйд дагалдагчдаар нь тойруулаад чулуугаар хийсэн байсан. Зургийг нь авч болохгүй гээд дараа нь музэйд байхдаа зурагных нь зургийг авсан хэхэ. 


Заа нэг иймэрхүү л явах шив дээ. 

Тэдди лусын дагина ккк

2016-03-25

Дурсгалын мөнгөн бэлзэг хуруунд тогтохоо больчихож


Дурсгалын мөнгөн бэлзэг хуруунд тогтохоо больчихож
Дурлалаар ээрдэг бүсгүй хүний гэргий болчихож
Дуу дууны сайханд уярч суухаа больчихож
Дутаж үзээгүй амьдрал минь чамаар дутдаг болчихож
Дусал дуслаар орох бороо гуниг авчирдаг болчихож
Дурсамжиндаа умбан догдолоод сэтгэл сэргэхээ больчихож
Дуут шувуудын ганганаа чамруу хөврөхөө больчихож
Дуугүйхэн инээмсэглэх төрх чинь зүүдэнд ирчихээ больчихож

2011.04.03

(өөрийнхөө дарсан зургаар гангарнаа кк)

2016-03-10

Хэрвээ би чулуу байсан бол



Хэрвээ би чулуу байсан бол
Хээнцэр бүсгүйн гарыг чимэн
Хайртай залуугийн сэтгэлийг илчлэх
Хайр гуйсан хуримын бөгжний 
Хараа булаам шигтгээ байх байсан биз

Хэрвээ би чулуу байсан бол
Халамжит ханийн сэтгэлийн илрэл
Хайртай нөхрийн илтгэлийн бэлэг
Хүзүү чимэн энгэрт эрхлэх
Хайрын зүрхний шигтгээ байх байсан биз

Хэрвээ би чулуу байсан бол
Хайртай бүхний сэтгэлийг сэмлэн
Харуусал гашуудлын нулимсаар угаагдах
Хатуу орчлонд амьдарч байсны илрэл
Хатан булшны чулуу байх байсан биз

2009. 10. 12

(зургийг Гүүглэ гуйгаас туув)

2016-03-08

ОУЭЭХӨ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр.. Манайхан гүй ээ мөн сайхан өргөн дэлгэр тэмдэглэнэ шүү дээ тэ. Би энд сургууль дээрээ, ээжрүү залгаж байсан чинь мэссэнжэрт ороод ирсэн, нөгөө хэд ирэхгүй байхөө маргааш ажлын өдөр юм чинь гээд байж байсан чинь айлууд ар араасаа орж ирээд намайг тоох хүнгүй болоод хэхэ.. Нэг нэгээр нь дуудаж тоогдов. Сүүлд 2р ангийн дүү маань "за за таньд баярын мэнд" гээд ярих хүмүүс дуусав бололтой би ч ажлаа хийхээр болоод салгалаа шд. Гэрийнхнийхээ бужигнахыг харсан чинь бүр харимаар санагдаад сууж байна.

Нэг сонин ойлгомжгүй юм байнаа. Ээж эхнэр охиндоо нүүрномоор дамжуулж мэнд хүргээд байх юм. Хувь хувьд нь хүргэдэг байх л даа гэхдээ л заавал олон нийтээр зарлах нь сонин худлаа харагдаад таалагдахгүй байна. За надад ч юуны хамаа..
Ер нь сүүлийн үед бусдад харагдахад л гол анхаарлаа хандуулдаг болоод байх шиг..

Бас нэг онцгүй зүйл гэвэл хаана хэдэн ихэр хүүхэд төрлөө, ерөөлөө хайрлаарай гээд дөнгөж төрсөн хүүхдүүдийн зургийг дэлхий нийтээр цацчих юм. Өөрийнхөө хүүхдийг байсан бол тэгж цацахгүй дээ, саяхан нэг эмнэлгийн нүүрном хуудсан дээр байхыг харлаа. Тэр нялх хүүхдүүдэд хар цагаан хэл ам элдэв юм болвол яах юм. Сар хүрэхээс өмнө гадны хүмүүс нэг их гэрээгээ оруулаад байдаггүй билүү?

2016-03-04

Дуу сонсоод л..

Нодлин эндэхийн нэг хөгжөөнт нэвтрүүлэг байдаг юм л даа. Тэрүүгээр 90ээд оны үед од болж байсан 10н хамтлаг дуучинг сонгоод яг тэр үеийнх нь хувцас тайз засалттайгаар нь тоглолт хийсэн юм. Тэр тоглолтын нэвтрүүлгийг нь үзсэн чинь бараг л миний дурсамж сэдрээд догдлоод байгаа юм бишүү ккк.. Одоо ч хааяа тэрийг давтаж үзүүлэхэд дахиж үзэж байгаа хэрнээ л нэг л гоё дурсамж сэдэрч (тэр үед энд байсан ч юм шиг, ямар юмных нь дурсамж байхав дээ уг нь тэ ккк) догдлоод гоё санагдаад байдаг юм. 

Ганц дуу оруулчихдаг ч юм билүү