2016-11-17

Багадаа..

Би бага байхдаа хүний үгэнд яс ордог хүүхэд байлаа шүү дээ. Сургуульд орохын өмнө 5 орчим настайд л байх нэг өдөр хамаатны эгч дөнгөж суудаг болсон охинтойгоо манайд ирээд, дүүгээ харж байгаарай гээд миний урд газар суулгачихаад нөгөө өрөөрүү явсан юм. Бодвол ээжтэй бурахаар л явсан байхдаа. Гэнэт охин нь уйлахаар нь өрөөнд ороод ирсэн чинь охин нь суудал дээрээ онхолдчихсон, би өөдөөс нь хараад сууж байсан гэсэн хаха. Хүүеэ дүүгээ харж байхгүй яасан юм бэ гэсэн чинь би өөдөөс нь би хараад сууж байсан наадах чинь өөрөө уначихсан шд гэсэн гэнэ лээ. Одоо болтол ээж намайг шоолоостой хэхэ.
Бас тэр үед л байх ээжтэй цуг Хөвсгөл явав аа. Миний л орон гаран төсөөлж байгаагаар бүхээгтэй ЗИЛ130 тай явсан санагддаг юм, бас зам муу их олон хоног зутруу явсан санагдаад байдаг юм, үгүй ч байж магад. Бүхээгэнд сууж явсан нэг хүн буулаа гээд намайг багаар нь нэг хүний өвөр дээр суулгахаар болоод ороод суусан чинь хаалганд нь хуруугаа хавччихсан хөөрхий, гүргэр юм болохоороо уйлахгүй тас гүрийгээд, ядаж том эгчийн авч өгсөн бөгжтэй хуруу байсан болохоор бөгжнийхөө урдуур хавдаад чинэрч өвдөөд байсан нь санагддаг юм. Ээж тэр үед намайг урагш нь суулгаад хаалга хаагдах чимээ нэг л эвгүй сонсогдоод "за энэ яг гараа хавччихлаа даа" гээд бодогдоод чимээ чагнасан чинь таг байсан гэсэн. Дараагийн зогсох газар болтол санаа нь зовоод, зогсонгуут гялс ирээд харсан чинь яасан байх нь нөгөөх хуруугаа хавчаад памбайтал хавдсан хэрнээ гүрийгээд уйлаагүй байх нь.. Нөгөө бөгжөө тайруулж хуруугаа аварсан нь хагас хугас санагддагаас өөр юм санаанд байхгүй ээ. Одоо болтол ээж бас тэнэг гүрийдгээр нь дууддаг юм. Яс юман дээрээ өөрөөс нь өвлөж авсан гүрийлт шүү дээ хэхэ.

2016-11-10

Шалдар булдар

Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо бусгаа... иймэрхүү л байна даа. Хавар бололгүй зун болоод, намар бололгүй өвөл болчих юмаа. Би нэг хавар намрын хувцасаа өмсөх гэсээр байтал өвлийн хувцасандаа хүмүүс ороод байх юм. Бичин жилийн өвөл зуд болдог гээд байсан.
Ойрын гурван долоо хоног шахуу зүүн нүдний зовхи татаад болдоггүй ээ. Гайхаад өчигдөр сонингийн наасан чинь дээд тал нь таталдаад байдаг гэнээ хэхэ заавал нэг нь таталдах ёстой юм байлгүй гээд сууж байна. Нээрээ нөгөө харшилын гаралтай хамар битүүрдэгтээ эмчийн бичиггүй эмийн санд зарагддаг эм аваад уусан чинь надад таардаггүй юм байна. Тэрийг нь хоёрдох хайрцаг эмээ уугаад дуусах үедээ шахуу мэдлээ шдээ. Ойрд гэнэт гэнэт л хоолойнд юм тээгэлдээд байхаар нь гайхаад алим хэт томоор нь залгичихав уу гэж оношлоод байсан чинь эмний гаж нөлөө юм байх.
Манай энд өчигдөр аятайхан цэлмэг тэнгэртэй байсан чинь өнөөдөр хэрэг алга, бүрсийж бүүдийгээд дээр нь тоосонцор гээд хойд уулын бараа ч харагдахгүй нь.. гэж бичээд харсан бороо орж байна. Энд нийтийн халаалт байхгүй манай лаб тень асаадаг болохоор даараад байгаа хэрнээ нүүр халуу дүүгээд л сууж байна.
Нээрээ өчигдөрөөс нүүрний кремээ сольсон. Өмнө нь 21н номер түрхдэг байсан юм. Тэр нь надад шардаад, миний түрхдэг байсан 21, 23 номер л байдаг болохоор шар юмаа гээд л түрхээд байлаа л даа. Эд нар өөрсдөө ихэвчлэн шаргал арьстай болохоор тэрэндээ тааруулдаг юм шиг санагдсан. Гэхдээ сүүлийн үед 13 нь нүүрний улайлт дардаг 17 нь ягаан туяатай болгож арьсыг эрүүл харагдуулдаг гээд гарсан байна лээ. Их дэлгүүрт очиж түрхэж үзсэн чинь нэг их ялгаа харагдаагүй. Бодож бодож 17г авсан. Шарлахгүй их аятайхан байна лээ. Даанч өвөл дөхөөд хуурайшилт эхэлж байна өө, шилбэ цагаан эрээн л болчихсон байна лээ гэртээ ч өмдтэй гадаа ч өмдтэй байгаа болохоор хэхэ.

За ёстой шалдар булдар юм боллоо, явж ажлаа хийж амьдарлаа бодох минь.

2016-11-02

Уран бүтээл

Бараг арав гаран жилийн дараагаар нэг гоё ноосон утас хараар ороолт нэхэх санаа төрөв. Багадаа ээжийг дуурайгаад нийлж байгаад нэг майк нэхэж байлаа, ээж манжетыг нь хэт чанга нэхсэнээс болоод толгой арай гэж ордог байсан санагдаж байна. Тэрнээс хойш бээлий оймсхон нэхэж байснаас өөрөөр нэхээгүй юм. Тэгсэн гэнэт учиргүй угладаг ороолт нэхмээр санагдаад, бүр санаанд багтаад байхаар нь нэтээр 100 гр-тай хоёр утас захиалаад дэлгүүрээс нэг 5 мм-ийн сатуркатай зүү авсан. анх уртхан нэхээд залгачих санаатай байсан ч сүүлдээ залгаасгүйгээр нэхмээр санагдаад, залгаасгүйг сатуркатай зүүгээр биш 5н зүүгээр нэхэж үзсэн болохоор бас бага зэрэг эргэлзсээн хөөрхий. Юу ч гэсэн үзье гээд сатуркатай зүүгээр нэхсэн чинь дажгүй болж байна лээ. Анх 120-оор авахад хангалттай гэж бодоод нэхээд нилээн хэдэн мөр явж байсан чинь бодож байснаас хэт том болохоор нь хөвөөд 100-гаар аваад нэхсэн бас томдоод хөвөөд 88-аар авсан хэхэ. 120-оор эхэлж байхдаа хөндлөнгөөр нь зөв буруугаар явчихвал доошоо суугаад гоё харагдах байх гэж бодсон хэт суугаад байхаар нь дөрвөлжин хээтэй болгосн чинь хамаагүй аятайхан болсон. Би ер нь их чанга гартай болохоор их хичээж сул нэхсэн, дараа нь ээж хараад яасан чанга нэхсэн юм бэ гэдэг гэнээ ккк. Сүүлд дуусгасан чинь яг хоёр гогцоо үлдээд утас дуусдаг юм даа. Сүүлийн эгнээгээ хөвөөд арай жоохон чангалсан чинь хэт чангараад сөөм хэрийн утас үлдсэн хэхэ. Сүүлийн хэт чангарсан санаанд таарахгүй байсан чинь МЗ харин ч гоё юм байна салхи орохгүй, надад бол таалагдаж байна хэнд өгөх юм гээд баясаад байхаар нь өгчихсөөн, угаасаа ч өөрт нь нэхсэн л дээ. Янзан бүрийн зүүж барьдаг юманд дургүй хүн зүүх юмуу яах юм бүү мэд.

За тэгээд уран бүтээл ийм болсоон хэхэ